ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь ойн бүс нутаг болох Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал эхний хагас жилийн байдлаар Архангай аймгийн прокурорын газар 21, Хөвсгөл аймгийн прокурорын газар 14, Булган аймгийн прокурорын газар 10, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.
- Б.Ч нь 2025 оны 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс 9,5024 м3 шинэс төрлийн босоо модыг цахилгаан хөрөөгөөр огтолж, 156 ширхэг болгон хуваан бэлтгэж, өөрийн эзэмшлийн Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Ч-г хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, хураагдсан шинэс мод зэргийг улсын орлого болгох, ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 5,5 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иргэн танд
Ойн тухай хуульд зааснаар арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолтоор мод бэлтгэх нь хууль ёсны байна. Тодруулбал гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээнээс хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тасдах, цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал, үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаарна.
Энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг буюу модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, улмаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтай.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Ой модоо хамгаалья, Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй.