ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Архангай аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 03 дугаар сарын 30-наас 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хүрээлэн бaйгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг тоймлон хүргэж байна.

- Б.Г нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ойгоос зохих зөвшөөрлийн бичиггүйгээр 6 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор,

- Ж.Б нь 2026 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ойгоос 2 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэргүүдэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор,  

- Т.Т нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алт олборлосон хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүнд машин механизмыг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.   

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас ан амьтан, ой мод, ургамал устах, газрын хөрс, хэвлий, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулдаг гэдгийг ухамсарлаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна. 

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа